Монгол орны ургамлын баялаг, түүний нөхөн сэргээлт

Монгол орны ургамлын аймаг, ургамлтын судалгааг олон жил явуулсны үр дүнд тус орны дээд доод ургамалын зүйлийн бүрдлийг тогтоож, ургамалжилтын онцлогийг илрүүлсэн байна. Үүнд гуурст дээд ургамал, 128 овгийн 662 төрлийн 2823 зүйл гэж тогтоосны дотор 145 зүйл жинхэнэ унаган ургамал, 197 зүйл завсрын унаган ургамалтайг илрүүлсэн нь нийт гуурст дээд ургамлын 14%-ыг эзэлж байна. Мөн 38 овгийн 162 төрлийн 417 зүйлийн хөвд, 39 овгийн 133 төрлийн 930 зүйлийн хаг, 28 овгийн 136 төрлийн 875 зүйлийн мөөг, 60 овгийн 221 төрлийн 971 зүйлийн замаг байдаг. Үүнээс үзэхэд доод ургамал 226 овгийн 723 төрлийн 3511 зүйл болж байна.
Монголын эрдэмтэн судлаачид дээд ургамлын зонхилох 15 овог, 9 төрлийг тоон үзүүлэлтээр гаргасан байдаг. Үүнийг Н. Өлзийхутаг, “Монгол орны ургамлын аймгийн тойм” 1989, “Монгол улсын биологийн баялаг” лавлах /1998/ зэрэг бүтээлээс үзэж болно.
Монгол орны ургамалжилтыг газрын гадрага, өргөрөг, уртрагийн онцлогоос шалтгаалан, ургамалжилтийн өндөр уул, уулын тайга, уулын ойт хээрийн бүслүүр, хээр, цөлөрхөг хээр, цөлийн бүсүүд гэж хуваадаг бөгөөд бас газрын гадарга, хөрс, уур амьсгал, ургамлын нөмрөгийн онцлог байдлыг харгалзан Монголын нутаг дэвсгэрийг ургамал газарзүйн 16 мужид хуваасан байдаг.
Үүнийг (А.А.Юнатов 1946, 1950, 1954., ) В. И. Грубов 1955, 1982., Н. Өлзийхутаг (1985, 1989 ). Монгол улсын биологийн баялаг (1998 ) зэрэг олон бүтээлүүдэд тодорхой дурьдсан байдаг. Эдгээр бүтээлүүдэд Монгол орны ургамалжилтын бүс, бүслүүр хийгээд ургамал-газарзүйн тойрогт ургадаг ургамалуудын амьдралын хэлбэр, экологи-биологийн онцлог, ургамалжилтын бүлгэмдлүүд, тэдгээрийн онцлог зэргийг тодорхойлон гаргаж, тойргуудын ургамлын зүйлийн тоог овог, төрөлд хамааруулан гаргасан нь тухайн бүс, бүслүүр мөн тойргийн ургамлыг хэрэглээний ямар чиглэлэээр, хэрхэн ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаархи ерөнхий мэдэгдэхүүнийг олж авахад чухал хэрэгтэй материал болж байна.
Монгол орны хэрэглээний ургамлын судалгааг Монгол-Зөвлөлтийн/Оросын/ эрдэмтэн судлаачид хамтран гүйцэтгэсэн юм. Бид Монгол орны бүх тойргоор аялж судалгаа хийсэн билээ. Энэ судалгаагаар эмийн, хүнсний, тэжээлийн, будагт, арьс идээлэх, ахуйн хэрэглээний, гоёл чимэглэлийн, байгаль хамгаалах гэх зэрэг хэрэглээний ангилалыг хийсэн юм. Монголд эмийн 900 гаруй, тэжээлийн 1000 гаруй, хүнсний 200 гаруй, техникийн 200 гаруй, гоёл чимэглэлийн 100 гаруй, хөрс бэхжүүлэх үүрэгт 60 гаруй зүйл ашигт ургамал байна гэж тооцсон бөгөөд эдгээр ашигт ургамлыг, хэрэгцээт үйлчлэгч бодисын агууламжаар бүлэглэн үзвэл витаминт 150, эфирын тост 200, идээлэгч бодист 250, будагт 320, алкалоидот 280, флавоноидот 230, кумаринт 60 гаруй ургамал байгааг шинжилгээгээр илрүүлэв.
Ахуйн хэрэглээнд хийгээд анагаах ухаанд чухал хэрэгцээт биологийн идэвхит бүлэг болон дан бодис агуулсан ургамлыг цаашид нарийвчлан судалж, ургамлын зүйлийг юмуу бодисыг нь хэрэглээний олон салбарт хуваарилан ашиглах чиглэлийг гаргасан юм.
Судалгааг цаашид үргэлжлүүлэн, хэрэглээний чухал чанартай юм уу ашиглаж болохуйц химийн бодис агуулж буй ургамлын зүйлийн тархац, арвийг /нөөцийг/ тогтоох ажлыг зохиосны дүнд 100 гаруй ургамлын тархац, 20 гаруй зүйл ургамлын хэрэгцээт эрхтэн хэсгийн арви /нөөц/-ыг тогтоолоо. Үүний дүнд Монгол орны жимс, жимсгэнэ, самар, мөөгний тархац нөөцийн атлас зохиож, 1985 онд хэвлүүлсэн ба Монгол орны ашигт ургамлын тархац, нөөцийн атлас бүтээж, зохиогчийн болон хэвлэлийн эхийг бүрэн бэлтгэсэн боловч хөрөнгө мөнгөний шалтгаанаас болоод одоог хүртэл хадгалагдаж байгаа.
Энэ судалгааны дүнд Монгол орны зээрэгний (Ephedra) зонхилох зүйлийн нийт нөөц 4 сая орчим га талбайг 2,5 ц/га дундаж ургацтай бөгөөд түүний биологийн нөөц 500 мянган тонн, үүнээс аж ахуйн нөөц 40 мянган тонн, Хөвсгөл, Хэнтий, Хангайн жимс жимсгэний гарц, дунд зэргийн ургацтай жилдээ 1120га талбайд 250,4 тонн жимсний нөөцтэй гэж тогтоожээ.
Монгол орны ойн хэв шинжид балны нөөц 5,6-100 кг/га, тоосны нөөц 16,9-104,2 кг/га, уулын нугад балны нөөц 15,2-52,5 кг/га, тоосны нөөц 11,3- 272,7 кг/га байгааг тодорхойлж, Монголд 2,043 сая тонн зөгийн бал, 612,9 тонн лав хураан авах боломжтойг илрүүлсэн байна.
Судалгааны явцад Монгол орны ургамлын аймагт нэн ховор, ховор, устах аюулд орж байгаа ургамлын зүйлс нилээд буй.
Эдгээр нь дотроо :
1. Эртний гаралтай учир өөрийн жамаараа аажмаар устаж сөнөх хандлагатай ургамал
2. Ган гачиг, хуурайшил, хүчтэй салхи, үер зэрэг цаг уурын болон хүн амьтны сөрөг нөлөөлөлөөс болж ховордох, устах боломжтой ургамал гэж хуваагдаж байна.
Үүнд байгалийн жамаараа ховор, ховордсон, сөнөж байгаа ургамлын зүйлүүдэд Монголын болон Төв Азийн унаган ургамлууд, мөн мөстлөгийн үлдэгдлүүд ордог.
Эдгээрийг дотор нь цэрдийн болон гуравдагчийн үеийн суптропикийн ой, суптропикийн саванын гаралтай эртний үлдэц, жинхэнэ унаган ургамлын зүйлүүд: Монгол мөнх харгана-Ammpiptanthus mongolicus, Потанины улаан тулам - Incarvillea Potaninii, шар хотир- Zygophyllum xanthoxylon, Зүүн гарын гоёо - Cynomoriun soongaricum, Хулан хойрог - Potaninia mongolica, Пржевальский чармой - Gymnocarpas Przewalskii, Грубовын ортууз -Oxytropis grubovii, Монгол бүйлээс - Amygdalus mongolicus (Prunus mongolicus), Говийн тост -Brachanthemum gobicum, монгол догар - Caryoptheris mongolica, тоорой-Populus diversifolia зэрэг зүйлүүд монгол орны өмнө зүгийн тун банахан нутагт эртний ба дунд төмөрлөгийн дэнж дэвсэг, 3-дагчийн улаан ба алаг шороот дэвсэг дээгүүр юм уу баян бүрдүүдэд үлдэж хоцорчээ.
Одоогоор ургамлын бүлгэмэл үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч гэсэн Төв Азийн эртний цөл хээрийн гаралтай учир ихэнх нь үрээр үржих чадвараа ихэд алдсан, зөвхөн л цаг уурын түр зуурын зохимжтой нөхцөлд бут нь задрах, газар дээрх найлзуурын хэсгээр үржих зэрэг зөвхөн удаан явагдах ургал эрхтнээр нөхөн сэргэдэг ургамлын зүйлс нилээд байдаг. Үүнд: таана/сонгино/-Allium polyrrhizum, хөмүүл /сонгино/- Allium mongolicum, өргөст ортууз- oxyytropis aciphyllia, монгол таар- Nanophyton mongolicum, заг- Halaxylon ammodendron, ямаан бударгана- salsolatragus зэрэг олон зүйл байна.
Эдгээр нь хамгаалах ажлыг сулруулбал сөнөж болох ургамлын зүйлс юм.
Бас говийн хялгана – Stipa gobica , сайрын хялгана- S. glareosa , монгол хундага - Adonis mongolica, хойрог харгана- Caragana brachypoda, Бүнгегийн харгана- C. Bungei, хэврэг навчит ортууз- O. fragilifolia, монгол тарваган шийр- Thermopsis mongolica, монгол шээрэнгэ- Silene mongolica, цагаан цэцэгт хүн хорс- Physochlaina albiflora зэрэг цөлөрхөг хээр, уулын хээр, өндөр уулын хээрийн унаган ургамлын зүйлс мөн хамгаалаж байвал зохих ургамлын бүртгэлд орж байна.
Хил залгаа орнуудад ургах боловч тасархай тархалттай, ховордсон учир хамгаалбал зохих өндөр уулын юм уу, ус намгийн үлдэц ургамлын зүйлс Монголд байдгийг бас дурьдах нь зүйтэй. Үүнд:
Нөмрөгт банздоо/банцамбүрүү/-Saussurea involucrata, дорогостойн банздоо/ банцамбүрүү / - S. dorogostaiskii, зузаан навчит бадаан – Bergenia crassifolia, халиар/сонгино/- Allium victorialis, төвд баяг заваан- Lancea tibetica зэрэг олон зүйлс буй.
Бусад орны нутаг дэвсгэрт өргөн тархсан авч, Монгол орны дэвсгэрт зөвхөн тархцын зах нь орж ирсэн Сибирь жодоо- Abies sibirica, одой нарс - Pinus sibirica, дагуур шинс- Larix dahurica , бяцхан жимст цангис- Oxycoccus microcarpus, сибирь агдаргана- Zygadenus sibiricus, Маакийн эенэрэн- Euonimus maackii, Саржентийн бүрэлгэнэ- Viburnum Sargentii, монгол бүрэлгэнэ- V. mongolicum, буриад бүрэлгэнэ- V. burejatica, япон хайлаас – Ulmus japonicus, Потанины сараана – Lilium potaninii, сараанан номилдгоно- Anemarrhena asphodeloides, ацан цахилдага- Iris dichotoma, цахирамын овгийн ургамлууд зэрэг хамгаалалтанд авбал зохих ургамлын зүйлс байна.
Монгол орны ургамлын аймагт, аж ахуйн байнга өсч байгаа хэрэгцээнд зориулан байгалаас түүж ашигласны улмаас ховордон сөнөж болзошгүй ургамлын зүйлс олон байдаг. Үүнд: эм, хүнс, гоёл чимэглэлд хэрэглэхээр түүж бэлтгэх, уурхай ашиглах, хот суурин байгуулах, зам засах, түймэр гарах, амьтан нутагшуулах, үржүүлэх зэрэг аж ахуйн үйл ажиллагааны явцад ховордон устах аюулд орж болзошгүй Монгол хунчир – Astragalus mongolicus, алтан гагнуур-Rhodiola rosea, жавхаалаг башир-Dianthus superbus, цөлийн аргамжин цэцэг – Cistanche deserticola, эгэл годил өвс/шудаг/-Acorus calamus, шар лидэр-sophora flavescens, том дохиурт сонгино- Allium macrosthemon, далиу /сармисан/ сонгино- A. obliquum, аллтайн сонгино-A. altaicum, залаархаг хавраг – Ferula feruloides, кузнецовын хорос- Aconitum kuznezoffii, цагаан цээнэ- Paeonia lactiflora, цагаан дэгд – Gentiana algida зэрэг ургамлын олон зүйлсийн нөөц нь багасаж тархацын хүрээ хязгаарлагдмал болсоор байна. Хөнөөгдөж буй устах хандлагатай болсон ургамлын дотор 75 зүйл эмийн, түүнээс /20 зүйл устаж буй/, 11 зүйл хүнсний /6 зүйл нь/, 16 зүйл техникийн/4 зүйл/, 55 зүйл гоёл чимэглэлийн /10 зүйл нь/, мөн элсний нүүлтийг зогсоох, хөрс бэхжүүлэх, хортон шавьжийг устгах зэрэг бусад ач холбогдолтой 15 зүйл /5 зүйл нь/ устаж байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байна.

Ган, цочир хүйтрэл, хүчтэй салхи зэрэг байгаль, цаг уурын зохисгүй нөлөө,хүн амьтны үйл ажиллагааны сөрөг үйлдлийн улмаас ховордож, устах аюулд орж болзошгүй болон үүнд нэрвэгдэж байгаа ургамлыг хямгадан хамгаалах талаар зохиох ажлын аргыг боловсруулах талаар ургамал судлаачид, эрдэмтэд ажиллаж доорхи дүгнэлтэд хүрчээ. Үүнд:
1. Нэн ховор ургамлын зүйлсийг тархацын хүрээнд дархлан хамгаалах, боломжийг тогтоохоор ШУА-ын ботаникийн хүрээлэн, МУБИС-ийн ургамал судлаач эрдэмтэд, Байгаль орчны яамны холбогдох мэргэжилтэн эрдэмтэд хүч хавсран Монгол орны нэн ховор, устах аюулд даруй өртөх боломжтой ургамлын зүйлсийн жагсаалтыг гаргаж, ийм аюулд өртөх эх үүсвэр шалтгааныг тодорхойлон, хямгадан хамгаалах арга замыг олж, улмаар цаашид арвижуулах, ашиглах боломжийг илрүүлэн “Монгол улсын ургамлын тухай хууль”-ийг санаачлан боловсруулж, улсын их хурлаар 1995 оны 04 сарын 14-нд батлуулжээ. Мөн эдгээр зүйлийн олонхийг Монголын улаан номонд оруулсан юм. Үүнд 133 зүйл ургамал орсон бөгөөд, тэдгээрийг аж ахуйн болон бизнесийн зориулалтаар түүж ашиглахыг бүрэн хориглож, зөвхөн тарьж ургуулсан ургамалынхаа зүйлийг ашиглаж болохыг заажээ.
2. Тархацын тодорхой хэсэгтээ ховордсон ургамлын зүйлийг зөвхөн тэр хэсэгт нь хамгаалж, бичил нөөц газар бий болгох нь чухал юм. Үүнд: Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 11,1%-ыг хамарсан, 17,4 сая га талбай бүхий 38 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсны дотор дархан цаазат газар 12, байгалийн цогцолбор газар 7, байгалийн дурсгалт 13, байгалийн нөац газар 6-г ялган гаргаж хуулиар баталгаажуулжээ. Эдгээр нутагт байгаа нэн ховор, ховор ургамлын зүйлс улсын хамгаалалтад орсон байна. Тэдгээрийн дэвсгэрт байгаа нэн ховор ургамлын зүйлсийг түүж ашиглахыг хориглон, ховор ургамлыг зөвхөн Байгаль орчны яам түүний харъяа газруудын зөвшөөрлөөр ашиглаж болохыг заасан юм.
3. Аж ахуйн хэрэгцээнд ашиглаж буйн улмаас ховордон устаж болзошгүй болон ганц хоёрхон цэгт тохиолддог ургамлын зүйлсийг ургамал үржүүлгийн газар, ботаникийн цэцэрлэгт тармилжуулж, нутагшуулах журмаар, тэдгээрийг ховордож устах аюулаас зүйлийн хувьд нь хамгаалах гэсэн 3 аргыг дэвшүүлэн тавьжээ.

Сүүлийн жилүүдэд Монгол орны ургамлын аймгийн зүйлийн бүрдэл, тархац нөөц, гарал үүсэл, тармилжуулах, нутагшуулах, анатоми, физиологи, цитологи, эмбриологи, экологи, биологийн онцлогийг тогтоож, ургамалан баялагийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулан ашиглах зорилгоор 20 гаруй төслийг хэрэгжүүлж, жилд дунджаар 60 сая орчим төгрөгийг зарцуулж байна. Тухайлбал 100 гаруй ургамлын тархац, 50 гаруй ургамлын нөөцийг тогтоон, устах аюулд орсон, ховордсон олон зүйл ургамлыг хэд хэдэн цэгт тарьж ургуулж байна. Үүнд зарим тодорхой жишээг дурдъя: Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн харъяа, ботаникийн цэцэрлэгт 1976-1990 оны хооронд 116 овгийн 1279 зүйлийн /давхардсан тоогоор/ өвслөг нэг, олон наст ургамал, цэцэг- чимэглэлийн нэг олон наст ургамал /таримал сортын хамт/, гоёл чимэглэлийн сөөг ургамал, хүнс тэжээлийн сөөг өвслөг ургамал /сортын хамт/, навчит ба шилмүүст модыг тарьж туршжээ. Энэ туршилтын үр дүнд тарималжих ирээдүйтэй 443 зүйл, цаашид үргэлжлүүлэн судлавал зохих 409 зүйл, тармилжих нутагших ирээдүйгүй 137 зүйл байжээ. Ботаникийн цэцэрлэгийн эрдэмтэн судлаачид улаан номонд орсон 5, нэн ховор 6, ховор 19 зүйл ургамлыг тарималжуулах туршилт хийж, үр дүнг гаргажээ.
Харин ашиглалтаас болон байгалийн эрхшээлээс шалтгаалан ховордон устаж болох ургамлыг зориуд анхааран тарих ажил 1970-аад оны дундуураас эхэлж, газар доорхи хэсгийг ихээр ашигласнаас ховордож болзошгүй урал чихэр өвс – Glycyrrhiza uralensis , байгалдаа ховор тохиолддог бөгөөд ашиглалтаас шалтгаалан устаж болох монгол алтан хундага- Adonis mongolica, нэн ховор зүйл болох Потанины улаан тулам- Incarvillea potaninii зэргийг эрдэм шинжилгээний ажлын сэдэв болгон авч судлан, тарималжуулах экологи биологийн үндэслэл, агротехникийн нөхцлийг тогтоожээ.

Ардын эмнэлгийн хүрээлэн /Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлгийн технологи үйлдвэрлэлийн корпораци/ Булган аймгийн Дашинчлэн сумын Мялангийн гол хэмээх газар хээрийн бүсэд эмийн ургамлыг нутагшуулан тармилжуулах, туршилт судалгааны талбай цогцлуулж, шинжилгээний ажлыг ШУТ-ын удаа дараагийн төслөөр гүйцэтгэжээ. Энэ талбайд эхлээд монгол эмэнд өргөн хэрэглэгддэг эмийн түүхийн эд болдог гадаадын ургамлыг нутагшуулан ургуулах зорилго тавьж, өндөр зоосон цэцэг/ману/- Inula helenium, өвсөн гүргүм-Carthamus tinctorius, цооргоно/дангум/- Angelica, руда- saussurea lappa, Сэндэнмод- Xanthoceras corbifolia, Нангиад махрис-Licium chinensis, үсүү- Coriandrum sativum, эмийн хэрээн нүд- Asparagus officinale болон өөрийн орны ховор ургамал урал чихэр өвс- Gylycyrrhiza uralenses, үнэгэн сүүлхэй лидэр-Sophora alopecuroides зэрэг 30-аад зүйл ургамлыг нутагшуулан тармилжуулах судалгаа явуулснаас, 20 гаруй зүйл ургамал нь манай орны хээрийн экологийн нөхцөлд нутагшин тармилжих ирээдүйтэй гэж үзсэн юм.

2001 оноос хойш Монгол орны нэн ховор, ховор, гоц ашигт ургамлыг нутагшуулан тармилжуулах ажиллагаа өрнөж эхлээд байна. Үүнд:
Байгаль орчны яам батламжлан ШУТ-ын сангаас төсөвжүүлэн ажиллуулж байгаа “Нэн ховор, ховор, гоц ашигт ургамлаас усалгаатай нөхцөлд хурдавчилсан аргаар үр гаргаж авах”, “Нэн ховор, ховор, гоц ашигт ургамлын генийн сан байгуулах , нөхөн сэргээх, зохистой ашиглах” төслүүдийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэнбаян тосгоны дэргэдэх эрдэм шинжилгээ туршилтын цэгт нэн ховор, ховор болон ашигт 100 гаруй зүйл ургамал суулгацаар тариалсны дотор нэн ховор болон улаан номонд орсон зүйл 16, ховор зүйл 26, ашигт ургамал 63 зүйл байгаа юм. Үүнээс 40 гаруй зүйл ургамал нутагшин тармилжих боломжтой гэж үзсэн байна.

2001 оноос Моносфарма ХХК өөрийн хөрөнгөөрөө Улаанбаатар орчимд Түргэний голын адаг, Зайсангийн аманд талбай авч тохижуулан яшилдуу чацаргана-Hippophae rhamnoides, эмийн бамбай-raleriana officinalis, алтан гагнуур/ягаан мүгз/ - Rhodiola rosea, монгол хунчир- Astragalus mongolicus, үнэгэн сүүлхэй лидэр- Sophora alopecuroides, өргөст нохойн хошуу- Rosa acicularis, жимсгэнэт алим- Malus vaccata, ачлагийн монос – Padus avium, хар улаагана /үхрийн нүд /- Ribus nigrum, сөөгөн боролзгоно- Pentaphylo loides fruticosa, ягаан цээнэ – Paeonia anomala, толгодын бударгана- Salsola collina, шинэсэрхүү бударгана- S. laricifolia зэрэг зүйлийг тармилжуулах ажлыг зохиож байна.

Одоо түргэний гол дагуу байгаа талбайгаа өргөжүүлэн эмийн ургамал тарималжуулах биостанц болгоод байна. Энд Монгол орны янз бүрийн бүс бүслүүрт ургадаг мод, сөөг, сөөгөнцөр, нэг ба олон наст 70 гаруй зүйл, гадаадын 10 гаруй зүйл ургамалтай болжээ. Үүнээс хагас үйлдвэрлэлд 3 зүйл, үйлдвэрлэлийн хэмжээнд 2 зүйл тарьж ашиглах боломжтой болов. Үүний дүнд, хээрийн бүсэд нутагшин тармилжих ирээдүйтэй 8 зүйлийг тариалах агротехнологи боловсруулж, тэдгээрийн бүтээлийн эрхийг авсан ба 6 зүйл ургамлын эмийн түүхий эдийн стандарт зохиожээ.

Ургамлаас агаарт ялгарч байгаа биологийн идэвхт бодисыг эрүүлжүүлэх, анагаахын зорилгоор ашиглахын тулд эмчилгээний цэцэрлэг зохион байгуулж, түүндээ хүмүүсийг байрлуулж амьсгалуулах аргыг эмнэлэгт хэрэглэх талаар гаргасан санаачлага нь ургамлыг хямгадан хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Энэ аргыг хэрэглэхэд байгалийн ургамлыг түүж хомсдуулахгүй, ургаж буй газар нь бүтнээр нь байлгаж, зөвхөн ургамлаас агаарт ялгарч байгаа бодисоор амьсгалж биеэ эмчилдэг. Ийм эмчилгээний цэцэрлэгийг Хөвсгөл аймгийн Галт сумын халуун рашаан сувилалын дэргэд байгуулан ажиллуулж эхлээд байна.
Энэ эмчилгээний цэцэрлэгийг алжаал тайлж, тайвшруулах, сэргээж, ядаргаа гаргах, амьсгалын эрхтний өвчнийг засах, зүрхний өвчнийг засах зэрэг хэд хэдэн секцтэй байгууллаа.

Байгаль орчны яам судалгаа шинжилгээний байгууллагууд, хүрээлэнгүүд эрдэм шинжилгээний ажилтнууд, их дээд сургуулийн холбогдох мэргэжлийн анги танхмын багш, ажилтан нарын хүчийг дайчлан, ургамлыг хямгадан хамгаалах нөхцлийг бүрдүүлэх, нилээд ажлыг зохион байгуулсан байна.
1. Монгол орны ургамлын аймагт байгаа байгалийн болон хүн амьтны нөлөөгөөр улам ховордож болзошгүй ургамлын нэрсийн жагсаалтыг гаргаж, тэдгээрийг нэн ховор, ховор гэсэн 2 категорид ангилан ялгаж, БНМАУ-ын улаан номыг /1987/ зохион тэдгээрийг түүнд оруулан хэвлүүлжээ. Үүнд 86 зүйл ургамал орсон байна. Харин байгал, хүн амьтны нөлөөний улмаас ургамалын амьдрах нөхцөл доройтож, ховордон устаж болзошгүй ургамлын тоо нэмэгдэж байгааг харгалзан Монгол улсын номыг 1997 онд 2 дахь удаагаа хэвлэн гаргалаа. Үүнд 128 зүйл дээд ургамал орсон байна.
2. Монгол орны ховор ургамлын жагсаалтыг гаргаж, тэдгээрийг зохистой ашиглах, хямгадан хамгаалах, арвижуулах арга хэмжээ авахыг заасан Монгол улсын засгийн газрын 1995 оны 08-р сарын 25-ны өдрийн 153-р тогтоолыг гаргуулан, ховор ургамлын зүйлийн нэрийг хавсаргажээ. Үүнд: 317 зүйл дээд ургамал, мөн 26 зүйл хаг, замаг, хөвд, мөөг зэрэг доод ургамал оржээ.
3. Байгалийн болон хүн амьтны нөлөөнөөс шалтгаалан ховор ургамлын статусанд орох ургамлын зүйлийн тоо нэмэгдэж байгааг харгалзан, Байгаль орчны яамнаас санал оруулж Монгол улсын засгийн газрын 2004 оны 08 сарын 05-ны өдрийн 165-р тогтоол гаргуулан, ховор ургамлын зүйлийн тоо 355-д хүргэж, нэрсийг хавсаргасан байна. Эдгээр тогтоолуудад ховор, ховордсон ургамлыг хямгадан хамгаалах, нөхөн сэргээх, генофондыг үлдээж хадгалах талаар тодорхой заасан байна.
4. Монгол улсын засгийн газрын дээрхи тогтоол шийдвэрийг биелүүлэх зорилгоор Монгол улсын ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах хөтөлбөрийг боловсруулж, 2002 онд засгийн газрын 105-р тогтоолыг гаргуулж, түүний заалтыг биелүүлэхээр 2003 онд 3 экспедиц гарган ажиллууллаа. Эдгээр экспедиц 17 аймгийн 107 суманд ажиллаж, орон нутгийн иргэд, албан хаагчид, байгаль хамгаалагчид, улсын байцаагчидтай хамтран, 150 орчим зүйл ургамлын 600 гаруй хуудас хатаадас цуглуулан фото болон видео зураг 500 гаруйг авч, 80 гаруй ургамлын үрийн эх материал бүрдүүлжээ. Үүнд нэн ховор 127 зүйлийг тархац, биологийн нөөцийн судалгаанд оруулан, тэдгээр нь хязгаарлагдмал тархацтай, ашиглах нөөцгүйг тогтоож, 44 овгийн 124 төрөлд хамаарах 188 зүйл ховор ургамлын тархац арвийн байдлыг гаргажээ. Энэ судалгаагаар эм, тан хүнс гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд хэлбэрээр худалдаалах зэргээр ашиглагдан, нөөц нь хомсдох хандлагатай байгаа 105 зүйл ургамлыг жагсаалтад оруулсны дотор, цөлийн аргамжийн цэцэг /цагаан гоё/ - Cistanche deserticola, зодог өвс /хар өвс/- Nematolnostoc flagiliforme, эгэл бавран- Pteridiimaquilinium, дэрэвгэр жиргэрүү-Saposhnikoviodivari, Сибирь жодоо – Abiessibirica, Морин зээргэнэ- Ephedra equisetum, Монгол хунчир- Astragalus, урал чихэр өвс – Glycyrrhila uralensis, хусны онгол – Inonotus obliquus , Монгол хүрээмэг /цагаан мөөг/- Tricholoma mongolica зэрэг 15 зүйл нь гадаадын бизнесменүүдийн сонирхолыг татаж байна гэж үзжээ.

Бүрэн бус мэдээгээр одоогийн байдлаар 100 гаруй зүйл ургамлыг эмийн зориулалтаар ашиглаж, 200 орчим нэрийн эм тан хийж байна. 20 зүйл ургамлыг цайны, 50 орчим зүйл ургамлыг хүнсний, 1000 гаруй зүйл ургамлыг малын бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна.


Товч дүгнэлт


1. Монгол орны ургамлын аймаг, түүний зүйлийн бүрдэл, байршил, тархалт, элбэг ховрын байдал нилээд тодорхой болжээ.
2. Монгол орны ургамлын дотор унаган, завсрын унаган, эртний гарал үүслээрээ болон байгал хүн амьтны зохисгүй нөлөөнөөс шалтгаалан ховордож устах хандлагатай ургамлын зүйлс нилээд байна.
3. Монгол орны ургамлын аймагт хүний амьдралын хэрэгцээг хангах чадавхтай олон зүйл ургамал байна.
4. Ургамлын аймгийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглахад Монгол улсын “Байгалийн ургамлын тухай ”, “Ойн тухай” зэрэг хуулиуд , “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр ” , “Монгол улсын төрөөс экологийн талаар бодлогын чиглэл” , “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” зэрэг баримт бичгүүдийн хүрээнд авч байгаа арга хэмжээнүүд ургамлаа зохистой хамгаалах, хямгадан хамгаалах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна.
5. Нийт иргэд, албан хаагчид, оюутан сурагчид, өсвөр үеийнхний хэрэглээний ургамал судлалын мэдлэг дорой учир ямар ургамлыг юунд хэрэглэх, түүнийг яаж тарьж ургуулах, хямгадан хамгаалах мэдлэг дорой байна.
6. Ургамлыг хямгадан хамгаалах талаархи гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, түүний хяналт шалгалт шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна.



Хойшид тавих зорилт


Нийт иргэдийг ургамлан баялагаа сайтар мэдэж, зохистой ашиглах, хамгаалах, арвижуулах, хойч үедээ үлдээх, чадварлаг боловсролтой болгох асуудлын нааштай шийдвэрлэх цаг нэгэнт болжээ. Үүнд:
1. Нийт иргэд, сурагчид, оюутан, албан хаагчид, хил гаальчид, залуучуудыг тэдгээрийн мэргэжил, насанд нь тохирсон хэрэглээний ургамал судлалын холбогдох, ялгавартай, шатчилсан мэдлэгтэй болгох ажил зохиох.
2. Хэрэглээний ургамал судлалын шатчилсан ангилалтай сургалт явуулах програм боловсруулж, түүнийг хүүхэд, залуучууд, оюутан сурагч, нийт иргэдэд зааж сургах, дадлага хийлгэх.
3. Энэ чиглэлийн үг хурц, үзүүлэн төгөлдөр өнгөт зураг, цомог, ном товхимол, сонин хэвлэж тараах, телевизрээр үзүүлэлт, ухуулаг, яриа нэвтрүүлэг тогтмол хийдэг болгох.
4. Иргэдэд ургамал хямгадан хамгаалах хууль тогтоомжийн ухуулан сурталчилж, ойлгуулах түүнийг биелүүлдэг болгох.
5. Монгол улсын ургамлын тухай хууль болон улаан номонд орсон ургамлын зүйлүүдийг аж ахуйн зориулалтаар бэлтгэсэн тохиолдолд ноогдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх, захиргааны болон хуулийн арга хэмжээ авдаг болгох.


Ц. Шийрэвдамба ( Доктор Sc) , У. Лигаа ( Доктор Ph)

 

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Мосний дусал (зочин) | 2011-06-07 06:52:41
За энэ У.Лигаа гэдэг ургамал судлалын эрдэмтэн чинь Монголдоо л эрдмийнхээ мэдлэг хийсэн бутээлээрээ хамгийн айхтарнь юм гэж монгол эрдэмтэн Ж.Галаас гадна Швейцарын эрдэмтэн хунээс сонсож байсан юм байна.Швейцар эрдэмтэн лав тэрний англи хэлдээр гадаадад хэвлэгдсэн зузаан ном надад узуулээд бахархсан бололтой шогшроод магтаад байналээ.Ихл хогшин хун юм шиг болтоо байсан.даруухан олон таван зан маяггуй ёстой нэг
номын хун гэж сонсож байв.Би оороо эмийн ургамал нилээд сонирхдог даанч уулзаж танилцах боломж гараагуй, уулнь бол би эмийн ургамалын доктор Ж.Галыг таньдаг байсан.Хуутэйнь цуг сурдаг байлаа.ДААНЧ мань эр бурхан болчихсонлдоо!Гал гуай амьд байхдаа намайг Лигаа гуайтай танилцуулж огно л гэдэг байсан тэгээд аль алиндаа зав боломжнь таарахгуй байсаар байгаад бурхан болсондоо.Ж.Гал гуай эрдэмтэн хун хажуугаарнь уран зохиолын ном фантастик зогнолийн cэдэвээр бичдэг байсан та бухэн дунд уншсан хун зондоол байгаадаа.
2. Altantsetseg (зочин) | 2012-02-24 02:38:37
Tanid ene udriin mend hurgie! Bi Ligaa bagshiig mash sain tanih hunii neg bn. Herev ta tatgalzahgui bol bi taniig holboj ugch tus bolj chadna. Ligaa bagshiig bi bas mash hundelj yavdag humuusiim neg dee! Tanid amjilt husie!.
Ta nadtai holbogdohiig husej bval 98250844 ruu zalgaarai
3. Bilguun (зочин) | 2012-04-27 10:23:49
Mash saihan delgerengui medeelel baina. Angli Mongol henii hoorond haaya yum orchuuldagiin huvid, urgamaliin turul zuil, nernii orchuulguud n ih sonirholtoi sanagdlaa.
Tsaashid hereg boloh baih geed temdegleed avchihlaa. Bayarlalaa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.